...Өдөр өдөртөө, шөнө шөнөдөө, үүрийн гэгээ үүрийн гэгээдээ дурладаг энэ хорвоод өдөр шөнөд дурлажээ. Учир нь өдөр хэзээ ч шөнийн нам гүмийг мэдэхгүй болохоор учир нь тэр хэзээ ч шөнийн олон оддын бүжгийг харж байгаагүй болохоор шөнийн тухай хүмүүсийн ярьсан намуухан үлгэрт согтоод шөнөд чин сэтгэлээ нээн нээн дурлажээ. Харамсалтай нь шөнө гэрэл гэгээг хүсдэггүй дэндүү бардам нэгэн тул өдрийг байнга дорд үзнэ.
Өдөр өөрийн болон өрөөлийн төлөө өдөржингөө гүйгээд эцэж ядраад амрах гэтэл шөнө бусдаас илүү гэрэлтэй чи бусармаг явдалтан хэмээн илүү үзэн өөнтөглөнө. Харанхуй шөнө хатуу гараараа хаа хүрсэн бүхнээ эвдэн сүйтгэсээр л. Өдөр тэсээд л байлаа. Учир нь тэр хувь заяндаа итгэсэн юм. Өдрүүдийн дундаас хэн ч хэзээ ч шөнөд дурлаж зүрхлээгүй л байлаа. Харин тэр дурлажээ. Тэр шөнийн нам гүмд дурласан юм, тэр шөнийн тэнгэрт түгсэн мянга мянган оддын чуулганд дурласан юм, тэр шөнийн дотоод мөн чанар болсон чимээгүйхэн өндөрлөг өөд дууддаг нууцад дурласан байлаа. Тэрээр өөрийн энэ сайхан мэдрэмжийг шөнөтэй нэгдсэн нэгдлээр л мэдэрч чадсандаа, өөрийгөө азтайд тооцдог байлаа.
Гэвч олон олон дэндүү олон шөнө нулимсан далайн дунд зогсохдоо оддын дундаас хэн нэгэн авч нисээд оосор бүчгүй орчлон руу аваад яваасай хэмээн хүсэн хүлээсээр л байлаа.
Үнэндээ өдөр шөнийг өөрийг нь хайрлана, сайхан сэтгэлийг ойлгож засарна гэдэгт итгэж байлаа, өдрийн шөнийг хайрласан хайр үнэн чин сэтгэлийнх болохоор ойлгож ухаарна гэж итгэж байлаа, тэрээр хэзээ нэгэн цагт өөрөө өөрийгөө гээн гээн өөрт нь дурласныг, өөрөө өөрийгөө задлан байж шөнө амрагтаа бүрэн нэгдсэнийг мэдэх байх гэж горьдож байлаа.
Харамсалтай нь энэ бүхэн талаар болжээ. Учир нь дэндүү харанхуй орчлонд шөнийн боол болон тас харанхүйн дундах нэгэн гэрэл шөнөд амиа өргөжээ.
Эвий дээ, өдөр минь дээ чи минь ядаж үүрийн гэгээд дурласансан бол чи минь ядаж үдшийн бүрийд дурласансан бол яах байсан юм бол доо. Олон олон зуун жилийн дараа чиний зоригийг орчлон ертөнц сайшаах болно, олон олон өдрүүд шөнөд дурлан шөнийн харанхуй бүдүүлгийг бага багаар мэдрэх болно.
No comments:
Post a Comment